Түүх

A.B. Vajpayee ICT Training Center

Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди 2001 онд БНЭУ-д албан ёсны айлчлал хийж, цаашид манай 2 орны хооронд хийгдэх хамтын ажиллагааг тодорхойлж,  айлчлалын хүрээнд мэдээлэл, холбооны салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ алхмуудыг хийсэн юм.

 Монгол Улсын Дэд бүтцийн сайд Б.Жигжид, БНЭУ-ын Холбоо, Мэдээллийн технологийн сайд бөгөөд Парламентийн хэрэг эрхэлсэн сайд П.Махажан нар 2001, 2002 онуудад харилцан айлчилж,  улмаар 2001 оны 9 сард  “Мэдээлэл холбооны салбарт хамтран ажиллах талаар 10 зүйлтэй гэрээг байгуулсан билээ. 

Энэ гэрээнд мэдээллийн технологийн чиглэлээр олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн сертификатын сургалтуудыг явуулах сургалтын төвийг Улаанбаатар хотноо байгуулах, хөдөө орон нутагт нийтийн мэдээллийн төвийг байгуулах гэсэн 2 заалт орсон юм.

Гэрээний дагуу БНЭУ-ын Засгийн газраас Монгол улсын мэдээлэл холбооны салбарт 1 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр тохиролцож, уг ажлын хүрээнд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны  Технологийн Сургуульд A.B. Vajpayee ICT Training Center” ,  Архангай, Сэлэнгэ зэрэг 5 аймгийн төвд “Нийтийн мэдээллийн төв”-ийг 2002 оны 10-р сард тус тус байгуулж ашиглалтанд оруулсан.

 Сургалтын Төв нь:

  • HP  PC-ууд  бүхий Microsoft программ хангамжийн 2 лаб
  • Sun Solaris PC-ууд бүхий SUN-Java программ хангамжийн лаб
  • Cisco сүлжээний лаб
  • Иж бүрэн тоноглогдсон лекцийн танхим
  • Серверийн өрөө
  • Энэтхэг улсын Үндэсний Мэдээллийн Төв  (National Informatics Centre NIC) -тэй холбогдсон VSAT (Very Small Aperture Terminal) систем зэрэг иж бүрэн тоноглогдсон лаборатори, танхимуудтай байгуулагдсан.

Төслийн хүрээнд БНЭУ-д 2-3 сарын хугацаанд 8 багшийг  сургалтанд хамруулж, төвийн боловсон хүчнийг бэлтгэсэн. Энэ хугацаанд энэтхэгийн мэргэжилтнүүд ирж ажилласан байна.

  A.B. Vajpayee ICT Training Center нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын мэдээлэл холбооны технологийн салбарын инженер, техникийн ажилтан, оюутнуудад олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн Microsoft, Cisco System болон Sun MicroSystems компаниудын сертификатын сургалтууд, түүнчлэн мэдээллийн технологийн тэргүүлэх чиглэлүүд вэб, Mobile Technology, Big Data зэрэг  сургалтуудыг зохион байгуулж ирлээ.

 Сургалтын төв нь жилд дунджаар  250-300 хүнд мэргэжил дээшлүүлэх сургалтыг явуулдаг бөгөөд өнөөдрийг хүртэл 3600 гаруй хүнийг сургалтанд хамруулсан байна.

БНЭУ-ын Засгийн газраас Мэдээлэл Холбооны Технологийн Сургалтын Төвийг хөгжүүлэхэд цаг ямагт анхаарч ирлээ. 

2004 онд Монгол улсын засгийн газраас БНЭУ-ын талд  хөдөө орон нутаг дах нийтийн мэдээллийн төвүүдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсны дагуу мөн ондоо Булган, Өвөрхангай, Дундговь зэрэг 5 аймгийн төвд нэмж шинээр байгуулсан билээ. 

2012 онд БНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил Монгол улсад төрийн айлчлал хийж, БНЭУ-ын элчин сайдын яам, ШУТИС, МХТС-ийн хамтран тавьсан “Мэдээлэл Холбооны Технологийн Сургалтын Төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх” тухай саналыг хүлээн авч, БНЭУ-ийн Засгийн газрын 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Cisco CCNP түвшний сургалт зохион байгуулах лабораторийг байгуулсан. Энэ лаборатори нь Cisco CCNP түвшний сургалтыг явуулах стандартыг бүрэн хангасан Монгол Улсын анхны лаборатори  болсон.

Энэтхэгийн элчин сайдын яамнаас тус сургуулийн боловсон хүчний мэргэжил дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажилласны үр дүнд сүүлийн 3 жилд БНЭУ-ын Засгийн газрын Indian Technical & Economic Cooperation Programme (ITEC), Centre for Space Science and Technology Education in Asia and the Pacific (CSSTEAP)-ын хөтөлбөрүүдийн хүрээнд 20 гаруй  багш БНЭУ-д 2-9 сарын хугацаагаар мэргэжил дээшлүүлээ.

Mанай хоёр улсын найрсан харилцааны 60 жилийн түүхт ойн хүрээнд БНЭУ-ын Ерөнхий сайд анх удаа Монгол улсад айлчилсан.

Айлчлалын хүрээнд  улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, соёл, боловсрол, мэдээллийн технологи зэрэг тодорхой чиглэлээр түлхүү  хамтран ажиллахаар болж санамж бичиг, хэлэлцээрт гарын үсэг  зурж тэр дундаа одоогийн сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр болж, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди “Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийн шав тавих ёслолд өөрийн биеэр биечлэн оролцсон билээ.  Шилдэг төв байгуулах төслийн хүрээнд БНЭУ-аас 20 сая ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд санхүүжилтэд барилга, техник технологи, багшлах боловсон хүчнийг чадавхижуулах сургалтын зардлууд багтах юм. 

Цаашид Монгол улс болон БНЭУ-ын холбогдох байгууллага, хүмүүс мэдээлэл, холбооны  тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллагаагаа эрчимжүүлэх саналтай байна. Үүнд:

  • БНЭУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулах “А.Б Важпайн Мэдээллийн технологи, Холбоо, Аутсорсингийн төв” Communication and Outsourcing -ийн ажлыг эрчимжүүлэх
  • БНЭУ-д Олон Улсын Хамтын ажиллагааны шугамаар зохиогддог мэдээлэл, холбооны технологийн чиглэлийн төрөл бүрийн хурал, зөвөлгөөн, семинарт монголын улсын мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцуулах
  • Электрон Засгийн газар, хөдөөгийн холбоо, сансарын холбооны чиглэлээр хамтран судалгаа хийх, технологи дамжуулах, мэргэжилтэн, төлөөлөгчид солилцох, мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчнийг БНЭУ-д бэлтгэх,
  • Мэдээллийн технологийн хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд туслах
  • Мэдээллийн кибер аюулгүй байдлаар хамтран ажиллах, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх
  • Инновацийг бүтээх гарааны компаниудыг бэлтгэн гаргахад туслах

 

Бидний тухай